Интернет мэдээ - СОНИРХОЛТОЙ ИНТЕРНЭТ МЭДЭЭЛЛҮҮДЭЭС
Онгоцоор нисэх зуураа зайгаа цэнэглэх боломжтой боллоо
Apple iPhone үйлдвэрлэгч компаниас аялагчдад сонирхолтой нэгэн шинэ бүтээгдэхүүн гаргаснаа зарлалаа. Энэ нь онгоцны суудалд суулгасан хөгжим тоглуулагчаас цахилгаан хуримтлуулан, тохирсон хүчдэлийг бий болгох боломж бүхий USB оролттой кабель цэнэглэгч бөгөөд удаан хугацаагаар нисэх явцдаа аялагчид цагийг үр бүтээлтэй өнгөрөөн гар утас, CD тоглуулагч, зөөврийн тоглоом тоглуулагч зэргийг цэнэглэх боломжтой. Энэхүү InFlight Power кабель нь онгоцны нэгдүгээр зэрэглэл болон бизнес зэрэглэлийн суудлуудад ажиллах боломжтой. Онгоц, автобус, галт тэргэнд аюулгүйгээр ажиллахаар зохион байгуулагдсан энэхүү төхөөрөмж нь ердөө л 85 грамм жинтэй, зөөврийн хэрэгсэл юм. Энэхүү гайхалтай бүтээгдэхүүн нь үнэ ихтэй, овор хэмжээ ихтэй цэнэглэгчүүдийг халах, мөнгө хэмнэх, аяллын ачаагаа хөнгөрүүлэх шилдэг шийдэл гэж үзэж байна.
Аудио хөтөч жуулчдад Баруун Европын амтыг мэдрүүлнэ
Интернетийн үйлчилгээ эрхлэгч Контент Лаб компани Европт аялаж буй жуулчдад зориулан Ром, Парис, Лондон, Венец хоттой бүрэн танилцах боломж бүхий аудио хөтчийг зохион бүтээжээ. Эдгээр аудио хөтөч нь таны iPod болон гар утсанд ачаалагдах (хуулагдах) боломжтой бөгөөд үүний тусламжтайгаар та өөрийн мартагдашгүй аяллыг эдгээр хотуудаар зохион байгуулах боломжтой болж байгаа юм. Аудио хөтөч нь маш ялдам, эелдгээр бүхий л төрлийн мэдээллийг танд хүргэх ба түүний маш баялаг мэдээллийн сан дотор шог хошин яриа, зөвлөгөө, анхааруулгаа гээд бүхий л зүйлийг багтаасан нь “та яг л дотны найзтайгаа аялаж буй мэт сэтгэгдэл төрнө” гэж зохиогчид нь амлаж байна. Аудио хөтөчийг үндэслэгчдийн нэг Гарри Шоуе хэлэхдээ “Би гэр бүлийнхний хамт Ромд аялаж явахдаа аудио хөтчийн санааг анх олсон. Хэрвээ биднийг ингэж явахад чихэнд маань энэ бүгдийг амилуулах чимээ сонсогдож, бидний төсөөллийг улам илүү бодит болгож өгвөл ямар байх бол гэж тэр үед бодсон, энэ үнэхээр гайхалтай санаа байсан шүү” гэжээ. Аудио хөтчөөс соёл, урлаг, түүхийн мэдээллийг сонгон сонсож болох ба мөн хөгжилтэй, зугаатай мэдээллийг түүж болохоос гадна хүүхдэд зориулсан тайлбарт тохируулан тавих боломжтой. 9-11 насны хүүхдэд зориулсан илүү хялбар, үлгэрчилсэн байдлаар хүргэсэн мэдээллийг сонссон хүүхдүүд байгаа орчноо илүү мэдэрч, ойлгосон зүйлсээ аав ээждээ ярьж, үзэж буй зүйлдээ илүү сонирхол татагддаг байна.
Аравдугаар сарын наадам
Жил бүрийн 9 сарын сүүлч 10 сарын эхээр тэмдэглэдэг онцгой наадам Германы Бавариа хотын Мюнхен тосгонд 3 долоо хоног үргэлжилдэг. Тус наадмын үеэр та өөрийн хүссэн хэмжээгээр шар айраг уун, амарч зугаацаж болно. Учир нь энэ бол ийм л зүйлд зориулагдсан баяр. 1810 онд Баварийн угсаа залгамжлагч хан хүү I Людвик хаан, Тереза гүнжтэй гэрлэсэн өдрийг жил бүр нэхэн дурсаж тэмдгэлсээр энэхүү баярыг уламжлал болгожээ. Энэ баяр наадам нь дэлхийн томоохон баяруудын нэг бөгөөд жил бүр 6 сая гаруй хүн оролцохоор энд цуглардаг. Баярын үер Бавари хотын онцлогийг харуулсан багт наадмын цуваа, морин уралдаан гэх мэт олон арга хэмжээ зохиогддог ба Мюнхен хотын захирагч баярыг нээн үг хэлж, анхны хундгыг өргөснөөр наадам эхэлдэг. Тус наадамд оролцогчдийг тусгай шар айргаар үйлчилдэг, 2006 онд гэхэд 6,5 сая хүн 6,9 сая литр шар айраг уусан нь тухайн баярын түүхэнд тогтоосон дээд амжилт юм. Нэг литр шар айраг 2007 оны наадмаар 6.95 - 7.50 еврогийн үнэтэй байсан ба наадмын үеэр нийт 14 задгай асарт 12.000 хүн ажиллажээ. Жил бүрийн наадмын дараагаар 1,000 тонн хаягдал гардаг нь тус хотод ихээхэн хүндрэл учруулдаг хэдий ч ивээн тэтгэгч байгууллага болон зохион байгуулагчид нь хурдан хугацаанд цэвэрлэх ажлыг зохион байгуулж өглөө бүрийг цэвэр цэмцгэр угтдаг байна. Бас нэгэн сонирхолтой тоо дурдахад баярын үеэр 2.000 гаруй жорлон ажилладаг хэдий ч уртаас урт дараалал үүсдэг гэнэ.
Залуу аялагчид зах зээлд хүчээ авч байна
Аялал жуулчлалын салбарт хүч аван нэмэгдэж буй зах зээл бол залуучууд юм. Залуу аялагчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь энэ салбарт нэгэн тэсрэлт болж байгаа төдийгүй хөгжлийн чиг хандлагад өөрчлөлт оруулж байна. Дэлхийн Оюутан Залуус ба Боловсролын Аяллын Холбооноос (ДОЗБАХ) гаргасан судалгаагаар 16-24 насны аялагчдын тоо эрс өсч байгаа гэнэ. Амстердам хотод төвлөрдөг тус холбоо “адал явдал хайгч залуу аялагчид жуулчдын тэр бүр очдоггүй газар орныг хайн олж, бусад төрлийн жуулчидтай харьцуулахад илүү урт хугацаагаар байрлан, өргөн цар хүрээнд аялал зохион байгуулах болсон байна” гэжээ. Залууст зориулагдсан аяллыг сурталчлах, энэ төрлийн төсөл хөтөлбөрийг дэмжих, хариуцлагатай аялал жуулчлал ба тогтвортой аялал жуулчлалын чухлыг залууст ойлгуулах тал дээр ДАЖБ, ДОЗБАХ хамтран ажиллаж байна. Тэдний судалснаар дэлхийн аялал жуулчлалын байгууллагуудын ердөө 1/3 нь залууст зориулсан бодлого хөтөлбөртэй үйл ажиллагаа явуулж байгаа гэнэ.
Вимбелдон аялал жуулчлалын шилдэг арван спортын нэгээр тодорлоо
Хөгжөөн дэмжигчид нь тэмцээнээ үзэхийн тулд аялалд гардаг дэлхийн алдарт уралдаан тэмцээнүүд болох Олимпын наадам, Хөл бөмбөгийн тэмцээн, спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй мөр зэрэгцэн вимбелдон нэрлэгдсэн байна. Спортын шилдэг сэтгүүлүүдийн нэг ESPN-д бичсэнээр Вимбелдон теннисний тэмцээн дэлхий даяар фенүүдийнхээ тоогоор ёсдүгээр байранд оржээ. Тус сэтгүүлд “Энэ бол ямар газар зохиогдож байгаа нь хөгжөөн дэмжигчдэд нь сонин биш гагцхүү, вимбелдоны тэмцээн болж байна гэдэг нь сонин байдаг дэлхийн шилдэг спортуудын нэг. Вимбелдоны тэмцээнийг та хэдэн цагаар ч үзэж суусан уйддаггүй, цаг хугацаа өнгөрч байгааг анзаардаггүй тийм л гайхалтай спортуудын нэг” гэжээ. Мэдээж хэрэг жагсаалтыг Зуны Олимпын наадам тэргүүлсэн ба энэ нь 200 гаруй улс орноос 10,000 хол давсан тамирчид ирж оролцдог дэлхийн хамгийн том үйл явдал юм. Дэлхийн Хөл Бөмбөгийн Аварга шалгаруулах тэмцээн жагсаалтын хоёрдугаар байранд орж, харин Өвлийн Олимпын тэмцээн удаалсан байна. Эдгээрийн дараагаас дэлхийн цуврал тэмцээнүүд, бүс нутгийн чанартай уралдаанууд орж Тур де Франц (Tour de France) уулын тэмцээн аравдугаар байранд орж жагсаалтыг өндөрлүүлжээ.
Тайланд улс хааныхаа ойг тэмдэглэлээ
Тайландын аялал жуулчлалын газраас өнгөрсөн жил Тай Хаан хаан ширээнд заларсны 60 жилийн ойтой холбогдуулан 13.82 сая жуулчин хүлээн авсан нь том амжилт хэмээн зарлаж байна. Энэ төрлийн эерэг сурталчилгаа нь Тайландын аялал жуулчлалын салбарын орлогыг 20 хувиар өсгөж цунамигаас болж аялагчид татгалзаад байсан нэр хүндийг нь дахин өсгөж өгчээ. Мөн тус улсын аялал жуулчлалын газраас Австрали, Солонгос, Европын зарим орноос Тайланд руу шууд нислэг хийдэг болгосон нь энэ амжилтад ихээр нөлөөлжээ. Хэдийгээр хааны ойн баяр дууссан хэдий ч энэ онд Тайландад ирэх жуулчдын тоо буурахгүй гэж тэд урьдчилан таамаглаж байгаа ба учир нь аялал жуулчлалын зах зээл дээрх тэдний нэр хүнд өндөр байгаатай холбоотой гэнэ. “Газар зүйн таатай байрлал, чанартай хүртээмжтэй агаарын тээвэр, нэртэй бүтээгдэхүүн үйлчилгээ, боломжит мөнгөний ханш, олон орноос визгүй зорчих эрхтэй байгаа нь Тайландын аялал жуулчлалыг жилээс жилд өсөх таатай боломжийг бүрдүүлж өгдөг” хэмээн тус улсын аялал жуулчлалын газрындтэргүүн хадагтай Манохам мэдэгдсэн байна.
Лондон XXI зууны нийслэл болно
Лондон хот ирэх зууны дэлхийн нийслэл болохоор хичээж байна. Өөрийн хэв загвар, түүх, зугаа цэнгэлийн үзүүлбэрүүдээрээ аль хэдийн дэлхийн хүмүүст хүрсэн тус хот XXI зууны нийслэл хот болно гэдэгтэй хэн ч маргахгүй байгаа гэнэ. Парис XIX, Нью-Йорк XX зууны нийслэл болж байсан бол одоо Лондон хотын цаг иржээ. Дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн сая жуулчид Лондон хоттой танилцахаар жил бүр зорин ирдэг ба ирэх зуунд 2012 оны Зуны Олимпын наадам тус хотод зохиогдохоор шалгарсан нь нэр хүндийг нь улам өсгөж байна.
Аялал Жуулчлалын Тогтвортой Хөгжил Сэтгүүлийн 3-р дугаараас авав. /99033327, journal@stdc-mongolia.org, byambaaruu@yahoo.com
No comments:
Post a Comment