Thursday, October 14, 2010

Хүннү эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Хурлыг Монголын үндэсний музей, Монгол улсын ШУА, Археологийн хүрээлэн, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Ноён тур аялал жуулчлалын цогцолбор хамтран зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн ажиллагаа нь Монголын үндэсний музейд болсон бөгөөд нээлтэнд ШУА, МУИС, Соёлын аялал жуулчлалын олон улсын нийгэмлэг, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Монголын үндэсний музей болон Улаан-Үд хотын төлөөллүүд оролцлоо. Нээлтийн ажиллагааны дараа Хүннүгийн археологийн олдвор, эдийн соёлын талаар лекц зохион байгуулагдлаа.
Хурлын 2 дахь өдөр оролцогчид Ноён уулын зүүн хормойд орших Ноён тур аялал жуулчлалын баазад хүрэлцэн ирж хурлаа үргэлжлүүлсэн бөгөөд энд Хүннү судлалаар ажилладаг дотоодын эрдэмтэн судлаачид, орон нутгийн иргэд, гадаад дотоодын жуулчид, аялал жуулчлалын байгууллагын төлөөллүүд ирсэн байна.


Тус хурал нь Монголчуудын өвөг дээдэс, төрт ёсны арвин уламжлал бүхий Хүннү гүрний судлалын талаарх эрдэмтэд судлаачдын санал бодолыг олон нийтэд танилцуулах, Хүннүгийн өв уламжлал, соёлын үнэт зүйлсийг Монголын ард түмэнд төдийгүй дэлхий нийтэд улам бүр таниулах нийгэм соёлын гүнзгий ач холбогдолтой юм.



Хурлын дараа эрдэмтэд судлаачдын судалгааны материал болон илтгэлүүдийг эмхэтгэж эрдэм шинжилгээ судалгааны номыг нь хэвлүүлж олны хүртээл болгоно. Хурлын ажлын хажуугаар оролцогчид Ноён ууланд мод тарьж, Хүүхдийн Хүннүгийн талаарх ойлголт хурлыг зохион байгуулж, бэсрэг наадам үзэж сонирхолоо. Уг үйл ажиллагааг ААТМ ХХК ивээн тэтгэсэн байна.

No comments: