Friday, July 23, 2010

13-Р ДУГААРЫН ДЭЛГЭРЭНГҮЙ АГУУЛГА

Редакцийн зурвас
Та бүхэнтэйгээ урин дулаан зуны цагийн эхэнд сэтгүүлийнхээ шинэхэн дугаараар уулзаж байгаадаа бид туйлын баяртай байна. Монгол орныг зорьсон жуулчдын урсгал эрчимжиж цэвэр цэнгэг агаар, нам гүм орчныг зорин байгалийн сайханд гарч зугаалахаар найз нөхөд, хамаатан садан, гэр бүлээрээ бэлтгэж байгаа энэ үед загасчлах аялал, түүн дотроо байгаль орчинд халгүй флай фишинг аяллын талаар, загасчлахтай холбоотой түгээмэл тулгардаг асуудлуудын талаар нэгэн дугаараа бэлтгэн та бүхэндээ барьж байна. Манай сэтгүүлээс амьд байгальтайгаа хэрхэн зөв харьцаж загасчлал хийх, гадаадын загасчид жуулчдыг татдаг Монголын загасны ертөнцийн нууцын талаар, Монгол орны ховор амьтан “цэнгэг усны хаан – тул” загасны тухай, загас агнуур болон загасчлах аялалд оролцогч талуудтай холбоотойгоор үүсдэг асуудлууд, голын менежментийн асуудал, загасыг хэрхэн гэмтээлгүй зөв барих болон усанд эргүүлэн тавих техник, загасны аяллын хөтчийн ажил үүргийн онцлог, аяллын үед тулгардаг асуудлууд болон бусад сонирхолтой мэдээлэл, Монгол оронд ашигтай аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх талаар санал зөвлөмж зэргийг уншиж, загасчлах аяллыг тогтвортойгоор хөгжүүлэх бидний уриалгатай танилцаарай. Мөн алдарт нийтлэлч, зурагчин, телевизийн нэвтрүүлэгчийн “Миний мөрөөдөл – Монголын сайхан орон” фото эссэг уншиж оюун бодлоо баясгаарай.
Сэтгүүлийн маань энэ дугаарыг тэрлэхэд үнэт цагаа зарцуулан санал шүүмжлэл, зөвлөгөө өгсөн “Байгаль Хамгаалах Монголын Тул Сан”-гийн хамт олон /Н.Энхболд, Ш.Пүрэвдорж, Э.Эрдэнэбат, Д.Батхүрэл, Олэф Жэнсэн/, “Дэлхийн Байгаль Хамгаалах Сан”-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олон /Б.Чимэд-Очир, Б.Ганхуяг, Б.Батхуяг/, “Фиш Монгол” компанийн хамт олон /Энди Паркинсон, Д.Хишигжаргал, Б.Жангар/, “Монголиа Ривер Аутфиттерс” компанийн хамт олон /Марк Жонстэд, Ян Вигстен/, Биологич П.Цогтсайхан, “Их цутгал” сангийн хамт олон /Сюзэн Хигинс, Л.Чулуунчимэг/, загасчлах аяллын хөтөч Б.Баярсайхан, Ш.Бадрал, Үндэсний Газарзүйн Хүрээлэн /National Geographic/-гийн зурагчин Брэнт Аллен нартаа гүн талархал илэрхийлж цаашдын ажил үйлсийнх нь зам дардан байхыг хүсэн ерөөе.
Аялал жуулчлалын тогтвортой хөгжил сэтгүүлийн хамт олон

Хуудас 6,7,8,9,10
Флай фишингийн тухай ...
Загасчлах, загасны аяллын ялгаатай хэлбэрүүдийн тухай, тэр дундаа флай фишингийн онцлог нь юу байдаг, үгийн хувьд үүнийг хэрхэн ойлгох тухай, флай фишинг хийхэд ашигладаг зүйлс, хэрэгсэл, энэ аргаар ямар төрлийн загаснуудыг барьж болох, энэ хэлбэрийн загасчлалын гол онцлог, сайхан, сэтгэл ханамж нь юундаа байдаг, дэгээ шидэх техник, тоног хэрэгсэл нь ямар ялгаатай байдаг тухай, форвард кэстинг гэж юу болох, илбээсийг унагах техник, чадвар, загас орсон үед хэрхэн ажиллах, спэй кэстинг гэж юу болох, флай фишингийн хэрэгсэл, уяа зангилаа болоод хиймэл өгөөш хэрхэн хийх тухай энэ ФЛАЙ ФИШИНГИЙН ТУХАЙ гэсэн хэсгээс та уншаарай.
Хуудас 12,13,14,15,16,17,18
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
БОАЖЯ, МАЖХ, АЖТХТ-ийн 2010 онд хийсэн үйл ажиллагаа, цаашид хийх үйл ажиллагаа, арга хэмжээний тухай мэдээллийг та бүхэн энэ хэсгээс уншаарай.
Хуудас 20,21,22,23,24,25,26,27,28 /Монгол Англи хэл дээр/
НИЙТЛЭЛ
Монгол орон яагаад Флай Фишинг аяллын зорин очих топ газар болох тухай, тул загас дэлхийн олон оронд байдаг ч эдгээрээс Монгол орныг онцгойлон авч үзэхэд хүргэж буй учир шалтгаануудын тухай сонирхолтой мэдээллийг та энэ хэсгээс уншаарай.
Mongolia as a fly fishing destination
Хуудас 29,30,31,32
СУДЛААЧИЙН ТЭМДЭГЛЭЛ
Тул загасны биологи ба экологиЙН АСУУДЛУУД
Дэлхийн бөмбөрцөг дээр байдаг тул загаснууд байдаг вэ?, тул загасны онцлог бусад загасаас?, тул загасны тархац нутаг, биеийн хэмжээ, нас, идэш тэжээл, гол дахь байршил, үржлийн тухай та мэдэх үү? Эдгээрийн тухай сонирхолтой тоо баримт, мэдээлэл энд хэсэгт байгаа. Мөн тул загас ховордож байгаа шалтгаанууд, тул загасны хамгаалагдсан байдал /хууль эрх зүйн хамгаалалт, зохицуулалт/, Эг-Үүрийн голууд дээр тул загасны судалгаатай холбоотой мэдээлэл, судалгааны тоо баримтууд, судалгааны аргазүй, судалгааны ажлын явц нь ямар байдаг, баригдсан тул загаснуудтай холбоотой баримт, мэдээлэл, цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд, чиг хандлагын тухай та энэ хэсгээс уншаарай.
Хуудас 36,37,38,39,40
ТАНИЛЦУУЛГА
Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Онон голын ай савд хэрэгжүүлж байгаа Сибирь тул загас хамгаалах үйл ажиллагаа, зорилго зорилтууд, хийж буй үйл ажиллагааны чиглэл, ямар ажлууд хийж байгаа тухай, Байгаль Хамгаалах Монголын Тул Сангийн Эг-Үүрийн голууд дээр хийж буй тул загас хамгаалах, байгаль хамгаалах төслийн хийж буй үйл ажиллагаа, хэрхэн ажилладаг, шашин ба байгаль хамгааллыг хослуулан ажилладаг АНУ-д төвтэй “Их Цутгал” сангийн зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэл, одоо хийж буй зүйлсийн тухай энэ хэсгээс танилцаж цаашид тэдэнтэй хамтран ажиллаарай.
Хуудас 42,43,44,45,46,47,48,49
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Загас, загас агнуур, загасны аялал жуулчлалыг тойрсон асуудлууд багагүй байдаг. Тэгвэл энэ тухай асуудлыг хөндөхөөр бодлого боловсруулагч, загасны аялал зохион байгуулагч, хяналт тавигч байгууллага, талбар дээрх байгаль хамгаалагч нарын төлөөлөл, биологич, улсын байцаагч нарын төлөөллөөс бүрдсэн хүмүүсийг урин оролцуулсан ХЭЛЭЛЦҮҮЛЭГ хэсгийг та бүхэндээ хүргэж байна. Ялангуяа загасчлал, загасны аялал жуулчлал, хууль бус загас агнуур зэрэгтэй холбоотой асуудлууд, хууль эрхзүйн талыг энэ хэсэгт түлхүү хөндсөн байгаа. Мөн та өөрийн саналаа сэтгүүлдээ ирүүлээрэй. Хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны ахлах мэргэжилтэн, загасчлах аялал зохион байгуулдаг тур оператор компаний захирал, тул хамгаалах сангийн биологч, Хэнтий аймгийн Батширээт сумын байгаль орчны улсын байцаагч, УМХЕГ-ийн байгаль орчин аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн, БХМТС-гийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум дахь салбарын менежер зэрэг хүмүүс оролцсон байгаа.
Хуудас 50, 51
ЗОЧИН
Сэтгүүлийн энэ дугаарын ЗОЧИН буланд УИХ-ын дэд дарга, БХМТС-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд уригдан оролцсон байгаа. Түүний загастай хөөцөлдөж байхад тохиолдсон хөгжилтэй, адал явдалтай зүйлс, одоо хэрхэн загасчилдаг, түүний хувьд загасчлахын сайхан нь юундаа байдаг зэрэг түүний өөрийн санаа, бодлыг та энэ хэсгээс уншаарай.

Хуудас 52,53,54,55
ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД
Загасыг хэрхэн зөв, эвтэйхэн уснаас гаргаж ирэх, үүний дараагаар хэрхэн зургаа авхуулах, дэгээгээ хэрхэн мулталж авах, энэ бүгдэд ямар зүйлс ашигладаг тухай, загас барьж авхуулахдаа яаж барих нь зөв тухай, уснаас гаргах, хэр өндөрт өргөх, хэр хугацаанд усны мандал дээр байлгах, эргүүлж тавихдаа урсгалын хааш нь барих, хэзээ сүүлнээс нь тавих, энэ бүгдэд байнга анхаарч байх зүйлс зэрэг энгийн боловч загасаа амьд үлдээхэд чухал шаардлагатай зүйлсийг энэ хэсгээс уншаарай. Мөн хүмүүс мэдэхгүйн улмаасаа зөрчдөг, өөрсдийгөө асуудалд оруулдаг зэргийг харгалзан Ан агнуурын тухай хууль, амьтны аймгийн тухай хууль, эрүүгийн хууль зэргийн загастай холбоотой зүйл ангиудыг оруулсан байгаа.
Хуудас 56, 57
ЗӨВЛӨМЖ
Эрхэм нөхөр та загасны аяллын хөтөч болохыг хүсч байвал энэ буланг сонирхоорой. Энэ хэсэгт Монголын флай фишинг загасны аяллын топ 3 компанийн 2 болох Фиш Монгол, Хөвсгөл трэвэл компаниудын туршлагатай хөтчүүдийн “загасны аяллын хөтчийн үндсэн ажил үүрэг, онцлог, флай фишинг жуулчны онцлог, аяллын явцад анхаарах зүйлс, аяллын хөгжилтэй хэсгүүд зэргийн тухай бичсэн зүйлсийг оруулсан байгаа.
Хуудас 58,59,60
ЗАХИДАЛ ИРЛЭЭ
Манай “Захидал ирлээ” буланд хот хөдөөгийн олон уншигчдаас захидал ирүүлж санал бодлоо илгээдэг билээ. Сэтгүүлийн өмнөх дугааруудад орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчид болон төрийн байгуулагууд, мэргэжлийн хүмүүсийн сонирхолтой, үнэтэй санаа бодол бүхий захидалуудаас түүвэрлэн нийтэлж байсныг манай байнгын уншигчид андахгүй мэдэх бизээ. Бид энэ удаагийн дугаартаа загасчдах аяллыг дагнан явуулдаг гадаадын нэр хүндтэй компаний төлөөлөл болгож АНУ-ын Монтана дахь загасны аяллын компаний захирал, “Mongolia River Outfitters” загасны брэнд аяллыг санаачлагч ноён Марк Жонстэдийн ирүүлсэн захидлыг орчуулан нийтэлж байна. Ж.Марк дэлхий дээр хамгийн үнэтэй загасчлах аяллыг борлуулдагаараа алдартай бөгөөд Монгол бол түүний хувьд хамгийн чухал бүс нутаг юм. Энэхүү захидал нь манай салбарынханд тул загасны хамгаалалт ба ашиглалтын хамгийн оновчтой менежментийн талаар суралцах бодит туршлага, санаа болно гэдэгт найдаж байна. Дашрамд дурьдахад тэрбээр Байгаль Орчины яаманд 1991 оноос гадаадын зөвлөх, экспертээ ажиллаж байсан аялал жуулчлал - байгаль хамгааллын дэлхийн нэртэй эксперт билээ. Түүний “Монголд ашигтай аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөөх зохицуулалтууд” гарчигтай маш сонирхолтой захидлыг энэ хэсгээс уншаарай.
Хуудас 61,62
УРИАЛГА
“Аялал жуулчлалын тогтвортой хөгжил” сэтгүүлийн энэхүү дугаартаа бид Монгол дах загаслах аялал, тэр тусмаа тул загасны аяллын талаар тухайлсан сэдэв болгож орууллаа. Монголын аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэх эрхэм зорилго бүхий манай сэтгүүлийн дугаар бүрт уншигчид, хамтран ажиллагсад, мэргэжлийн хүмүүсээс маш олон төрлийн сэдэв, асуудлуудыг хөндөн оруулахыг хүсэж саналаа ирүүлдэгт бид ямагт хүндэтгэлтэй ханддаг билээ. Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь байгаль дээр явагддаг аяллууд байдаг бөгөөд үүнд адал явдалт, экологийн, соёлын, ангийн олон чиглэлүүд хөгжиж байгаагийн нэгэн чухал хэсэг нь загасны аялал мөн.
Загасны аялал нь угтаа ангийн, морин, шувуу ажиглалтын аяллууд шиг тусгай зохицуулалт шаардсан өвөрмөц зах зээл бөгөөд чухамдаа байгаль хамгаалал ба аялал жуулчлал, дотоодын ба гадаадын аялал, судлаачид-төр ба ТББ-ууд- хувийн хэвшил-орон нутгийнханы тэнцвэрт хамтын ажиллагаа бүхий менежментийг гарцаагүй шаарддагаараа онцлогтой. Загасны аялал бол гадаадаас, бүр тодруулбал социализмын үеэс Монголчуудын дунд нэвтрэн ирсэн импортлогдсон ойлголт гэж хэлж болно. Тиймээс барууны ёс суртахууны үүднээс загасчлал гэдэг бол агнах тухай огтхон ч бус харин хүн байгалийн хоорондын харьцаа, самбаа, мэдрэмжийг цэнгэн сорих урлаг бөгөөд загасыг байгальд нь гэмтээлгүйгээр буцаан тавих буянт сэтгэлийн ханамж, тэвчээрийг шалгасан спорт юм. Ялангуяа флай фишинг хэмээх нэр томъёог шууд Монгол хэлнээ хөрвүүлэн буулгахад нэн төвөгтэй байсан бөгөөд энэ нь загасчлах урлагийг илүү сорилт ихтэй, нарийн авьяас туршлага, мэдрэмжээр барих байгальд ээлтэй технологи бүхий загасчлах нэгэн төрөл, аргачлал гэж үзнэ.
Эдүгээ Монголын аялал жуулчлалыг тогтвортойгоор хөгжүүлэхэд үүсч буй үндсэн бэрхшээл асуудлууд, загасны аяллын хөгжлийг ярилцах үед тухайлан хөндөгдөж байгаа юм. Энэхүү дугаартаа бид гадаад дотоодын, төр ба ТББ-уудын, эрдэмтэн судлаачдын, орон нутгийнханы, хувийн хэвшлийнхэний санал, дуу хоолойг хамтатган тухайлан тул загасны хууль эрх зүй, биологи экологи, хамгаалалт ба ашиглалтын хүрээнд хүргэхийг зорьсон бөгөөд уншигчиддаа хандаж 15 уриалгуудыг сэтгүүлийнхээ нэрийн өмнөөс дэвшүүлж байгааг та энэ хэсгээс уншаарай.
Хуудас 63,64,65,66,67 /Монгол Англи хэл дээр/
ФОТО ЭССЭ
Сэтгүүлийнхээ энэ удаагийн төгсгөлд нь та алдарт нийтлэлч, загасны зурагчин, телевизийн нэвтрүүлэгч Хенри Жилбэйе-ийн “Миний мөрөөдөл – Монголын сайхан орон” фото эссэг уншиж оюун бодлоо баясгаарай.
Монголын маань тэнгэр нь цэлмэг, хүн ардын сэтгэл нь тэнэгэр, байгаль дэлхий нь ногооноороо, ан амьтад нь бүтнээрээ байх болтугай!

No comments: